САЙНШАНД ХОТОД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙГДЭНЭ.





Сайншанд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар "АЕКОМ" компани, “Мон-Инжэкон" ХХК, "Мон-Энержи консалт" ХХК, "Эм Си Ди Эс" ХХК-ууд хамтран боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан энэхүү төлөвлөгөөний дагуу газар олголт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Дээрх ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Сайншанд сумын 1, 2, 3, 4, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нийт 337.7 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит X хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан билээ.
Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр эхний ээлжийн дахин төлөвлөлт хийгдэх газрын байршил, хэмжээ, хил заагийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XI хуралдаанаар батлуулж, хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хийгдэж байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогын “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Дорноговь аймаг нь 10000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах томоохон зорилтыг тавьж ажиллаж байгаа бөгөөд дээрх дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 1500 айлын орон сууц ашиглалтад орох юм.