ТҮҮХЭН ХӨГЖИЛ
Газрын харилцааны түүхэн замнал
- Газрын харилцааны түүхэн хөгжлийн замналыг судалж үзвэл манай аймагт анхны газар зохион байгуулагчаар 1957 онд тэр үеийн хөдөө аж ахуйн техникумын дэргэдэх газар зохион байгуулагчдын түр курсыг төгссөн мэргэжилтэн томилогдож ажиллаж байсан байна. 1959 онд аймгийн хэмжээнд аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлыг төрөл бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийж, аймгийн нийт нутгийг хуваарилан эзэмшүүлсэн нь газар зохион байгуулалтын анхны томоохон ажил болсон ба энэ ажлын үр дүнд 2 томоохон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэсэн байна. Үүнд: нэгдүгээрт, бүх газрыг аж ахуй нэгж, байгууллагуудад эзэмшүүлсэн өөрөөр хэлбэл бүх газрыг эзэнтэй болгосон. Хоёрдугаарт, бүх сум албан ёсоор тогтоосон засаг захиргааны нутаг дэвсгэртэй болж, хилийн цэсийг нь төрийн дээд байгууллагаар баталгаажуулсан юм. Ийнхүү тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ га / гектар/-ийн нарийвчлалаар анх удаа тогтоогдсон билээ.
- 1974 онд аймаг сумдад аж ахуй нэгж хоорондын газар зохион байгуулалт хийж хилийн цэсийг шинэчлэн тогтоож, аймгийн газар зохион байгуулалтын схем, том масштабын хадлан, бэлчээрийн болон хөрсний зургуудийг зохиож байсан ба 1975 оноос аймгийн Ардын Их Хурлын гүйцэтгэх захиргаанд газар эдэлбэр, хөрс хамгааллын улсын байцаагч ажиллаж, “Газар эдэлбэр”-ийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.
- Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн газрын эрэлт хэрэгцээ нэмэгдсэний зэрэгцээ газарт учруулах хор хохирол ихсэж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газар дүгнэлт хийн аймгуудад Газрын харилцааны алба байгуулах тухай 1995 онд 43-р тогтоолыг гаргасан байна.
- Энэ тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг даргын 1997 оны 213-р захирамжаар Засаг даргын дэргэд газрын харилцааны алба байгуулагдаж Газрын албаны үйл ажиллагааны түүхэн замнал эхэлсэн юм. 1997-1998 онд тус албаны даргаар Л. Гантулга, Д.Дамба нар тус тус ажиллаж байв.
- 1999 оны 1 дүгээр сард Газрын харилцааны албыг орон нутгийн төсвийн бололцооноос шалтгаалан татан буулгаж Аймгийн Засаг даргын Эдийн Засгийн Бодлого Төлөвлөлтийн хэлтэст газрын харилцааны бодлого хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулснаар өмнөх алба үйл ажиллагаагаа зогсоосон.
- Монгол улсад газрын харилцааны шинэтгэл хийж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас Газрын тухай хуулийг 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлан гаргасан бөгөөд энэхүү хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2003 оны 12 тоот захирамж гарч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 77 тоот тушаалын дагуу 5 хүний орон тоотой байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсан. Энэ үед тус албаны даргаар Т.Боргил, газар зохион байгуулагч, үнэлгээ төлбөр хариуцсан мэргэжилтнээр Д.Төмөрбаатар, газрын кадастр, геодези зурагзүй хэмжилт хариуцсан мэргэжилтнээр Д.Энхтуяа, улсын эрхийн бүртгэгчээр Д.Жаргалсайхан, туслах бүртгэгчээр Б. Баянбат нар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн юм.
- Тус албаны даргаар 2004-2005 онд А. Баяраа, 2005-2008 онд Д. Энхтуяа, 2008-2009 онд Ц.Оюунсайхан нар томилогдон ажиллаж байсан.
- Тус аймгийн хэмжээнд газрын харилцааны бодлого, зохицуулалтын асуудал 1992 он хүртэл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, 1992 онд Аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хэлтэст, 1993 онд Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст, 1995 онд Эдийн засаг, үйлдвэрлэл, Статистикийн хэлтэст, 1996 онд Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэст, 2000 оны 12-р сар хүртэл Эдийн засаг, бодлого төлөвлөлтийн хэлтэст, 2001-2002 он хүртэл Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст, 2003 онд Стратеги, төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст, 2006 онд Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчин бодлого зохицуулалтын хэлтэст харьяалагдаж байсан болно.
Барилга захиалагчийн товчооны түүхэн замнал
- Манай оронд барилгын ажил хот, хөдөөгүй эрчимтэй хөгжиж ирсэн 1960-аад оны эхээр тус аймагт барилыгн гүйцэтгэгч байгууллага болох Барилга угсралтын контор байгуулагдаж, МАХН-ын Төв хорооны 1963 оны 12 дугаар сарын бүгд хурлаар барилгын ажлыг эрчимжүүлэхээр “Барилга бүх нийтийн үйлс мөн” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж ирсэн билээ. Энэ үеэс тус аймгийн төв, хөдөөд сургууль, соёл, эрүүлийг хамгаалахын болон орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга объектууд баригдаж ирсэн бөгөөд эхний хэдэн жилд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан барилга объектын захиалагчийн эрх үүргийг тухайн салбарын чиглэлийн ашиглагч болох байгууллага хариуцдаг байсан юм.
- Харин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 229-р тогтоолоор “Хөрөнгө оруулалтад тавих хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” шийдвэр гарч, шинээр барих барилга, байгууламж болон өргөтгөлийг хариуцах захиалагчаар холбогдох яам, тусгай газар болон аймаг, хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа байхаар тогтоосон байна. Энэхүү тогтоолын 2-р заалтын дагуу аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаад нь захиалагчийн үүргээ гүйцэтгэхийн тулд захиалагчийн товчоог аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулж ажиллахыг заасан. Мөн уг тогтоолын хавсралтаар “Барилга захиалагч байгууллагын дүрэм”-ийг баталж мөрдүүлсэн юм.
- Энэхүү шийдвэрийн дагуу тус аймгийн барилгын захиалагчийн товчоог 1960-аад оны сүүлчээр байгуулж анхны даргаар Долгорсорэн (барилгын бус мэргэжлийн) гэдэг эмэгтэйг томилж ажиллуулсаны зэрэгцээ барилгын хяналтын инженер 1, нягтлан бодогч 1 гэсэн орон тоотойгоор ажиллаж байснаа удалгүй усжуулалтын инженер болон жолоочийн орон тоо нэмэгдэж уг байгууллагыг Дамбадорж (аймгийн уугуул инженерүүдийн нэг) удирдах болсон юм.
- Аймгийн барилга захиалагчийн товчоо нь өөрийн аймаг, орон нутагт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, нийтийн аж ахуйн үйлчилгээний барилга объектууд буюу зөвхөн барилга, усны аж ахуйн үйлдвэрлэлийн бааз, хүнс, махны үйлдвэрүүд болон дулааны станц зэрэг объектуудаас бусад бүх барилга объектуудын захиалагчаар ажиллаж ирсэн.
- Захиалагчийн товчооны удирдлагаар 1969-1971 онд Долгорсүрэн, 1971-1977 онд Дамбадорж, 1978-1983 онд Цэвээнжав, 1983-1987 онд Баярчойлон, 1987-1990 онд ТүмэнӨлзий, 1990-1992 онд Баярчойлон нар нь ажиллаж байсан.
- Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж барилгын салбарын үйл ажиллагаа уналтад орсон бөгөөд 1992 онд Барилга захиалагчийн товчоо нь татан буугдсан боловч 1997 онд аймгийн Засаг даргын дэргэдэх Барилга, хот байгуулалтын алба нэртэйгээр санхүүгийн хувьд аж ахуйн тооцоотой төрийн байгууллага байгуулагдснаар уг салбар сэргэж эхэлсэн байна. Хот байгуулалтын албаны даргаар 1997-2001 онд С.Мөнхцэцэг, 2001-2009 онд Х.Оюунчимэг нар ажиллаж байсан.
Санал асуулга