ГХБХБГ-т ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

2015-10-10

Аймгийн Газрын харилцаа, барилга,хот байгуулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын …-ний.... дугаар тушаалын хавсралт

 

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт

ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл,

 нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

               

 Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Эрх зүйн үндэслэл:

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27-32 дугаар зүйл, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, эрхийн акт нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.

            1.2.Бодит хэрэгцээ:

Өнгөрсөн хугацаанд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас төрийн албан хаагчийн нийгмийн асуудалтай холбоотой дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

Үүнд:

1.       Сар бүр цалин, нэмэгдэл хөлс олгох;

2.       Хоолны нэмэгдэл олгох;

3.       Төрийн албан хаагчийг эрүүл мэндийн үзлэгт жилд 1 удаа хамруулах;

4.       Удаан хугацаагаар хүндээр өвчлөх тохиолдолд тусламж үзүүлэх;

5.       Төрийн албан хаагчийн төрөл төрөгсөд нас барсан, өвдсөн тохиолдолд мөнгөн тусламж үзүүлэх;

6.       Төрийн албан хаагчийг ээлжийн амралтаараа эхнэр нөхрийн буюу өөрийн төрсөн нутагт очиж амрах тохиолдолд замын зардал олгох;

7.       Төрийн албан хаагчид орон сууц олгох, орон сууц барихад нь тусламж үзүүлэх;

8.       Аялал, спортын арга хэмжээг зохион байгуулах;

            1.3. Хамрах хүрээ:

Энэхүү хөтөлбөрт тус газрын нийт ажилтан хамрагдана.

 

                Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

            2.1. Зорилго:

2.1.1. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл бололцоог тасралтгүй сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр төрийн албан хаагч нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцөлийг бүрдүүлэх.

2.1.2. Газрын ажилтныг ажлын байрны тодорхойлолтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэх боломжийг бий болгох үүднээс нийгмийн баталгааг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27.1.4-д заасны дагуу албан хаагчийг хамгаалахад байгууллагаас баримтлах бодлогыг тодорхойлоход оршино.

 

            2.2. Зорилт:

2.2.1. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох.

2.2.2. Төрийн албаны болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангах арга замыг тодорхойлох.

 

                Гурав. Хөтөлбөрийн зарчим, хэрэгжүүлэх хугацаа,үе шат

            3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим:

3.1.1. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд ажиллах;

3.1.2. Төрийн албан хаагч нэг бүрийг хамруулах;

3.1.3. Ил тод, нээлттэй хэрэгжүүлэх;

3.1.4. Бодитой байх;

3.1.5. Өөрийн нөөц бололцоог бүрэн дайчлах;

            3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

                Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.2.1. нэгдүгээр үе шат: 2015.09.01-нээс 2017.06.30 хүртэл;

3.2.2. хоёрдугаар үе шат: 2017.06.30-наас 2018.12.31 хүртэл;

            3.3. Хөтөлбөрт тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шат бүрээр, болон жилээр гаргаж, гүйцэтгэлийг зохион байгуулна.

 

                Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны чиглэл

4.1. Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг бүрдүүлж, үйл ажиллагааны тасралтгүй чанарыг хангана:

4.1.1. Ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсний үндсэн дээр төрийн албан хаагчийн хүний нөөцийг зохистой бүрдүүлэх;

4.1.2. Албан хаагчдыг ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр сургалтанд хамруулах тогтолцоог боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрийг 4 жилийн хугацаатайгаар боловсруулж хэрэгжүүлэх;

4.1.3. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, “чадварлаг ажилтан-өндөр цалин” системийг нэвтрүүлэх;

4.1.4. Албан хаагчдын сонгон шалгаруулалтын үр дүнг дээшлүүлэх талаар Төрийн албаны зөвлөл болон холбогдох байгууллагад санал дэвшүүлж шийдвэрлүүлэх;

4.1.5. Албан хаагчдын үйл ажиллагааг бодитой дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх;

4.1.6. Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйл ажиллагааны үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох;

4.1.7. Мөнгөн бус урамшууллын аливаа аргыг судлан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх;

 

4.2. Төрийн албан хаагчийн ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулна:

4.2.1. Төрийн албан хаагчийн ажлын байран дахь хөдөлмөрлөх нөхцөлийн эрүүл ахуйн стандартыг холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолгон дүгнэлт гаргуулж, Засгийн газраас баталсан /Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоол/ өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгсэл, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах;

4.2.2. Албан хаагчийн ажлын байранд тохижилт хийх;

4.2.3. Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгслийн талаар судалгаа хийн, ажилтнуудаас санал авч жилд 2 удаа хангаж байх;

4.2.4. Албан хаагчдыг сүүлийн үеийн шаардлагад нийцэхүйц компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх;

            4.2.5. Ажилтныг албан ажлын зайлшгүй шаардлага, яаралтай ажлын үед хот дотор дуудлагын унаагаар үйлчлэх;               

 

            4.3. Төрийн албан хаагчийн үр дүнтэй ажиллах бололцоог хангаж, байнгын идэвхитэй үйл ажиллагааг дэмжинэ:

4.3.1. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийг тогтмол шуурхай дамжуулах, тэднийг мэдээллээр хангах зорилгоор “Мэдээллийн самбар” ажиллуулах;

4.3.2. Интернет, байгууллагын вэб сайт, дотоод сүлжээний байнгын тасралтгүй ажиллагааг бий болгох;

4.3.3. Албан ажлын хэрэгцээнд шаардлагатай өдөр тутмын сонин, “Төрийн мэдээлэл”, Барилгын хөгжлийн төвөөс гаргадаг “Барилгын норм ба дүрмүүд”, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас гаргадаг эрх зүйн гарын авлагуудыг захиалах, газрын бүтээгдэхүүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд шаардагдах эрх зүйн баримт бичгийн гарын авлагыг хэвлүүлэн төрийн албан хаагчдад өгөх;

4.3.4. Ажилтныг өдрийн цайны цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох, энэ хөтөлбөрийн 4.3.3-т заасан хэвлэл, ном, сэтгүүлийг ашиглах зорилгоор өрөө тохижуулах асуудлыг судлан шийдвэрлэх;

4.3.5. Албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ажилласан жилийг болон ажлын үр дүнг харгалзах, цол, эрдмийн зэрэг, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг олгох;

4.3.6. Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэв нэмэгдүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэх;

4.3.7. Албан хаагчдын ажил үүргээ үр дүнтэй биелүүлж, өндөр амжилт гаргасан идэвх зүтгэлийг үндэслэн төрийн одон, медаль, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, “Төрийн албаны тэргүүний ажилтан”, “Барилгын тэргүүний ажилтан”, “Газрын харилцааны тэргүүний ажилтан” болон холбогдох бусад цол, тэмдэг, яамны жуух бичиг, мөнгөн шагналаар шагнах, эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

 

4.4. Төрийн албан хаагчийн амьдралын нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлнэ:

4.4.1. Төрийн албан хаагчийн орон сууцны судалгааг төрөлжүүлэн гаргах, түүнд үндэслэн орон сууцтай болох, орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх;

            4.4.2. Орон сууцны асуудлыг судалж санал боловсруулах комиссыг байгуулж, ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлуулж ажиллуулах;

            4.4.3. Тус газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад аминдаа орон сууц, зуслангийн байр барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх;

4.4.4. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ, нүүрс олгох ажлыг жил тутам зохион байгуулах;

4.4.5. Шинээр гэр бүл болсон байгууллагын ажилтанд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх;

4.4.6. Төрийн албан хаагчийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд түүний  зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох;

4.4.7. Гэр бүлийн гишүүн нь хүндээр өвчилж эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлснээс албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд ажилтанд 1 сарын цалинтай нь тэнцэх хүртэл хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

4.4.8. Ажилтны гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нас барахад 60000 хүртэлх, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд 50000 хүртэлх төгрөгний тусламж үзүүлэх;

4.4.9. Ажилтны гэр бүлд шинээр гишүүн нэмэгдэхэд 50000 төгрөгийн тэтгэмж олгох, байгууллагын  ажилтанд 7 хоногийн цалинтай чөлөө олгох;

4.4.10. Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;

4.4.11. Ажилтны хүнсний хангамжид дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

4.4.12. Албан хаагчдад сар бүр олгодог хоолны мөнгийг нэмэгдүүлэх боломжийг судалж санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

                               

            4.5. Биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг хамгаалах:

            4.5.1. Төрийн албан хаагчийг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа хамруулах, үүнтэй холбогдон гарах зардлыг байгууллага хариуцах;

            4.5.2. “Эрүүл агаар эм” сэдэвт идэвхтэй амралт, явган болон тойрон аяллыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах;

            4.5.3. “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд нарийн мэргэжлийн эмчийг урьж, улиралд 1 удаа албан хаагчдад яриа, таниулга хийх;

           4.5.4. Төрийн албан хаагчийг рашаан сувилалд сувилуулах, гадаадад  эмчлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

            4.5.5. Албан хаагчийн спорт, биеийн тамирын арга хэмжээг тогтмолжуулах;

4.5.6. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд амрах тохиолдолд ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгох;

 

4.6. Төрийн албан хаагчийг чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөлийг хангана:

4.6.1. Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах;

4.6.2. Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай нь, биед нь гэмтэл учруулсан тохиолдолд эмчилгээний зардлыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох; 

            4.6.3. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 24, 25, 26.1.3.-т зааснаас бусад тохиолдолд ажлаас улс төрийн болон хууль бус шалтгаанаар халахгүй байх;

            4.6.4. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна байгууллагаас 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

                               

                Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам:

  • Төрөөс баримталж буй бодлогоор гүйцэтгэх;
  • Өөрийн байгууллагын боломжийг ашиглах;
  • Ижил төстэй байгууллагатай харилцан ажиллах;
  • Мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Харьяа байгууллагын дэмжлэгийг авах;
  • Хамт олны санаачлагыг өрнүүлэх;

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Газрын дарга удирдах ба зохион байгуулалт, хэрэгжилтийг Газрын удирдлагын хэлтсийн дарга хариуцна.

6.2. Хөтөлбөрийг аймаг, орон нутгийн удирдлага, албан хаагч, төрийн болон төрийн бус байгууллага, хандивлагч байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

6.3. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний Газрын удирдлагын хэлтсийн дарга жилийн эцэст гаргаж, нийт албан хаагчид болон удирдлагад танилцуулна.

                Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг байгууллагын жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

7.2. Гадны байгууллагын төсөл хэрэгжүүлэх, хандивлагчдын туслалцааг авах зэрэг замаар санхүүжүүлэх боломжийг судална.

 

                Найм. Хөтөлбөрийн үр дүн

8.1. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлснээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төрийн албаны хүний нөөцийн чадамж боловсрол, ажлын дадлага, туршлагатай мэргэшсэн ажилтнаар бүрдэж, тэдгээрийг албан тушаалын чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөл, нийгмийн баталгааг хангах, үр дүнтэй ажиллах орчин нөхцөлийг бий болгож, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэн, амьдралын баталгаат нөхцөл нь сайжирч төрийн үйл ажиллагааны тасралтгүй чанар, байнгын идэвхтэй үйл ажиллагаа хангагдана.

 

                Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мониторинг хийж, үнэлгээ өгнө.

9.2. Хөтөлбөрийн эхний үе шатны ажиллагааг үнэлж дүгнэсний үндсэн дээр дараагийн үе шатны ажлыг нарийвчлан тодорхойлно.

9.3. Хэрэгжилтийн талаар байгууллагын удирдлага, ажилтан тодорхой санал, хүсэлт гаргана.

 

                                 ---------------------------------------000-----------------------------------

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР