ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр тухайлбал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана, 29 дугаар зүйлийн 29.7-д “Монгол улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана”, 29.8-д “Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ”, 29.9-д “иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д 2023 оны А/133 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах боломжийг бүрдүүлсэн.
Иймээс Газрын тухай хуулийн 29.7, 29.8, 32.1 дэх заалт болон түүнтэй нийцүүлэн гарсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 15.6 дахь хэсэгт зааснаар газартай холбоотой аливаа хүсэлтийг иргэн, хуулийн этгээдээс цаасан материалаар авахыг хориглосон тул цаасаар хүлээн авсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд газартай холбоотой тухайлбал шинээр газар эзэмших, ашиглах, хугацаа сунгах, хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх, барьцаалах, бусдад шилжүүлэх хүсэлтээ egazar.gov.mn цахим хуудсанд хандан илгээнэ үү.