ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ НЭЭЛТ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО

2025-11-25

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан байна.  Аяныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн видео мэндчилгээ дэвшүүлэв.

Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Б.Найдалаа, ГХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар мэдээлэл хийв. Мөн Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните болон холбогдох байгууллагууд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга А.Адилбиш, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар ТАҮЖСХ-ийн нөхцөл байдал болон цаашдын хийх ажил, чиглэлийн талаар танилцуулсан юм.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь дэлхий даяар жил бүр 11-р сарын 25-наас 12-р сарын 10-нд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улс 1997 оноос эхлэн албан ёсоор нэгдэн оролцож ирсэн. Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойтой давхцан, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор цахим орчин дахь өсвөр насныхан, залуучуудын аюулгүй байдлыг хамгаалахад онцгойлон анхаарч байна.

НҮБ-ын “UNiTE – Нэгдье” хөдөлгөөнөөр дэмжигддэг уг аян нь технологийн хурдтай өсөлтөөс үүдэн бий болж буй шинэ хэлбэрийн хүчирхийллийг бууруулах, хариуцлага тооцох, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж буй юм.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР