"ХУУЛЬ БА ЖЕНДЭР" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БАЙНА.

Жендэрийн үндэсний хороо, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны хүрээлэн хамтран “Хууль ба жендэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг жендэрийн тэгш байдлын үндэсний тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулан 2025 оны 12-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан байна.
Хурлын зорилго нь жендэрийн эрх тэгш байдлын талаарх эрх зүйн боловсролын салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа болон хууль хэрэглээнд үүсэж буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, орчин үеийн чиг хандлагын талаар эрдэмтэн, судлаачдын санал, судалгааны үр дүнг солилцох явдал байв.
Хурлын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Уянга, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга А.Адилбиш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор Д.Батболд нар оролцов. Эрдэм шинжилгээний хурлын зочин шүүгчээр Монгол Улсын гавьяат хуульч Б.Долгор болон дэд профессор Д.Батболд ажиллалаа.
ЭШХ нь “Эрх зүйч бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал тусгахтай холбогдуулан зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв. Хурлын эхний хэсгийг ахлах багш О.Чулуунцэцэг удирдан явуулж, жендэрийн асуудлын хууль хэрэглээ, хичээлийн агуулга, мэргэжлийн орчин дахь жендэрийн сорилтууд зэрэг сэдвээр судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Дараагийн хэсгийг доктор Б.Одонгэрэл чиглүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөл, эмэгтэй цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал, “Z” үеийн сонгогчдын шийдвэр гаргалтад жендэрийн нөлөөллийн талаар судлаачдын илтгэл хэлэлцүүлэгдэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн судалгаа, мэдлэгийн солилцоог өргөжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

































